Thursday, December 25, 2008

Гадаадад гарах гэж байна уу?

Нэг өдөр манай сургууль дээр япон улсад ажиллах сонирхолтой оюутнуудад зориулсан ажлын ярилцлага болдог юм байна. Энэ ярилцлага болсон шалтгаан нь гэвэл япон улсын мэдээллийн технологийн чиглэлээр сурч төгссөн оюутнуудын дийлэнх хувь нь үйлдвэрт ажилд орохоос зайлс хийх хандлагатай байдаг бөгөөд үйлдвэрийн мэдээллийн технологийн хэлтэст нь сайн боловсон хүчнээр дутагдалтай байдаг байна. Энэ шалтгаанаас үүдэн япон улсын үйлдвэрүүд нь хөгжил буурай орнуудын оюутнуудад гайгүй нөхцөл амлах замаар сайн боловсон хүчнийг шалгаруулж авах сонирхолтой байдаг юм байна.
Манай сургууль дээр "t-rad" group (www.trad.co.uk сайтаас дэлгэрэнгүй мэдээлэл авч болно)-ийн төлөөлөгчид ирсэн бөгөөд амалсан нөхцөл нь гэвэл японд очих зардлыг нь даана, очсон хойно нь 2-3 жил сургалтанд хамруулна. Энэ хугцаанд тэнд амьдрах нийгмийн зардлыг нь төлнө гэж байна. Харин нэгэнт очоод ажиллаж эхэлсэн бол доод тал нь 5 жил ажиллах гэрээ хийнэ гэж байна. Ерөн хоёрдугаар түвшний япон хэлний мэдлэгтэй, голч оноо нь гайгүй суралцдаг, жаахан хөдөлмөрч бол аваад явчихана гэж байна. Ингээд доод тал нь долоон жил амьдрах нөхцлөөр япон явж болох нь байна.
Дараа нь харин америкт ногоон кардтайгаар амьдардаг нэг ах веб сайтын тухай хичээл заалгана гэж манай сургууль дээр явж байдаг юм байна. Мань хэд жаал хууч хөөрвөө. Ярьж байгаагаар нь хууль ёсоор америкт ажиллаж амьдрах боломж байдаг гэнэ. Яаж вэ гэхээр америкийн аль нэг их дээд сургуулиудын урилгыг интернэтээр захиалаад (үнтэй байх нь хамаагүй) түүгээрээ визээ гаргуулна. Тэгээд америкт очсон хойноо аль нэг хэлний курст очоод визээ шилжүүлчихэнэ. Ингээд америкт хууль ёсоор оршин суух боломжтой болдог бололтой юм.
Ингээд бодохоор хүсвэл гадаадад гарах олон л нүх сүв харагдаж байна. Гэхдээ монголд амьдрах нөхцөл үнэхээр байхгүй байна гэжүү дээ? Монголд төрсөн нь азгүй явдал гэжүү? Би лав хувьдаа тэгэж бодохгүй байна. Монголд амьдрахад асуудал их бий нь үнэн гэхдээ бүр хүн амьдрах боломжгүй газарч биш байх. Би лав хувьдаа харийн нутагт гарч амьдрахыг тэр болгон эрмэлздэггүй.

Цаг барих нь өөрийгөө үнлүүлэхийн үндэс

Хүн болгон л цаг барих нь ач холбогдолтой гэдгийг мэдэх байх гэхдээ хэрэгжүүлэхдээ зарим нь арай өөрөөр хийгээд байх шиг харагдах юм. Би ч учиргүй цаг бариад байдаг хүн биш л дээ гэхдээ заримдаа үнэхээр цаг барихын төлөө хичээдэг. Түрүүн “Яаж хийхээ мэдэхгүй ч чадна гэдэгтээ итгэ” гэдэг сэдэв дээр ярьсан зургаан давхар барилгын дотоод сүлжээний ажил дээр ажиллаж байх үедээ нэг сайн хийж чадсан юм маань гэвэл цаг барих байлаа. 9-н цагт уулзана гэсэн л бол 9:00 гэхэд уулзах газраа гозойж байлаа. Учир нь би нэлээдгүй газар алхаж очдог байсан болохоор тооцоолсон цагаас 0-5 минутаар л зөрж очино. Энэ цагийн алдагдлаа арилгахын тулд болзсон цагаас 5-н минутын өмнө очино гэж тооцоолж алхаж эхэлдэг байв. Үүний үр дүнд л цалингаа авах гээд зогсож байхад үйлчлүүлэгч маань “Цаг барина гэдэг бол амжилтын үндэс” гэж хэлээд дахиад нэг дөрвөн давхар барилгад дотоод сүлжээг нь засварлах ажил байна хийгээд өгөөч гэж хэлж байсныг нь бодохоор өөрөөрөө жаахан ч гэсэн бахархаж билээ.

Өөрийн оролдлого л хамгийн сайн сургалт юмуу даа.

Би нэг хэсэг дуудлагаар хүмүүсийн компьютерыг янзалдаг ажил хийж жаахан ч гэсэн хоолны мөнгөө олвоо. Тэгтэл нэлээд олон хүнээс “Чи яаж энэ бүхнийг мэдэж авсан юм бэ? Сургалтанд суусан юм уу? Надад заагаад өгөөч” гэсэн хэдэн үгсийг байнга давтан сонсох болж. Би дандаа “өөрийн учир утгагүй оролдогуудаараа л сурсан” гэж хариулдаг юм. Уг нь бол би ч нэг их мундаг хүн бишдээ. Тэдний тэгэж хэлж байгаа нь үнэндээ миний мундаг, мундаг бишэд байгаа юм биш тэд өөрсдөө энэ чиглэлээр оролдлого бага хийсэнд л байгаа юм гэж бодогдох юм. Энэ жишээгээрээ би юу хэлэх гээд байна вэ гэвэл хүн өөрөө би чадна, би сурна, би хийнэ гэсэн байдлаар асуудалд хандаж байнга оролдлого хийгээд байвал хэн ч байсан юуг ч тодорхой хугацаа зарсны дараа сурч бүтээж чадах л болно гэж хэлэх гээд оролдоод байгаа юм (Би өөрөө асуудалд ингэж ханддаг мундаг хүн гэсэн үг биш юм шүү. Хүн ярьж байгаа шигээ байх ёстой мэт боловч заавал тийм байх албагүй шүү дээ. Гэхдээ би тийм байхын төлөө чадах чинээгээрээ л хичээдэг).
Ийм төрлийн өөр жишээ гэвэл нэг өдөр манай нэг найз өөрт нь тулгарсан асуудлаа хэрхэн шийдэх талаар надаас асуудаг юм байна. Уг нь би түүнийг нь сохор азаар маш сайн мэддэг байж таарч гэхдээ би тэр үед өөрт тулгарсан ойлгомжгүй асуудлаа шийдхийг оролдож гүүглийн хайлтын утгуудыг нэг бүрчлэн ухаж түнхэж байсан болохоор асуусан асуултанд нь анхаарал тавьсангүй. Энэ байдал нэлээд удаан үргэлжилсэн тул нөгөө найз маань нэлээн дургүйцлээ илэрхийлж байгаа харагдана. Энэ байдлыг нэг талаас нь харвал би ч жаахан мэддэг юмаа хэлээд өгчихдөггүй нэлээд муу хүн бололтой юм. Нөгөө талаас харвал хүнд өөрт нь интернэтээс хайх зэрэг асуудлаа шийдэх өргөн олон боломж байхад заавал хэн нэгэн нь сайхан тайлбарлаад өгөхийг хүлээн бухимдах нь зөв эсэхэд эргэлзэх л юм. Хүн асуулт асуухад нь хэрвээ мэддэг бол гялс тайлбарлаад өгөх нь зөв байх. Эсвэл магадгүй өөрийн оролдлогоороо хариултыг нь олог гэж орхих нь илүү зөв ч юм шиг. Ямартай ч миний нэлээд сонгодог сонголт бол хариултыг нь мэддэг асуултандаа хариулалгүй орхих явдал юм даа (харамсалтай нь хариултыг нь мэдэхгүй байх нь их юм даа).

Thursday, October 16, 2008

Яаж хийхээ мэдэхгүй ч чадна гэдэгтээ итгэ

Түрүүн нэг удаа нутагтаа очтол аав маань ажлын газрынхаа арван компьютерыг хооронд нь холбоод өг гэдэг юм байна. Би ч юу гэж татгалзахав нэг өдөр л гялс хавийн амьтнаас багаж зэвсэг цуглуулаад (мэдээж хэрэг аав ээж маань багаж цуглуулах ажилд тусалсан л даа) угс хийгээд л холбож орхив. Энэ үед гэнэт сүлжээ тавих ажиллаар мөнгө олоод баймаар санагдаад явчихав. Тэгээд л энэ санаагаа хэрэгжүүлэхээр шийдэж буцаж нийслэл хотдоо ирээд хамгийн эхэнд миний зорилгыг сонсож, хамтарч ажиллахаар шийдсэн хүн бол ангийн анд Дамжинхүү байлаа. Бид хоёр ч шийдсэн гарууд ярилцсан өдрөө л “дотоод сүлжээ тавина” энтэр гэсэн зарлалыг сонин, веб хуудсуудаар цацаж орхив. Гэтэл үр дүн нь маргааш нь л гэхэд гарч “зарын дагуу ярьж байна” гэсэн анхны дуудлага ирдэг юм байна. Бид хоёр ч гялс гүйн очтол ulusnet-ээр дамжуулан интернэтэд холбогддог байгууллагын толгой компьютер нь хаягийн хөрвүүлэлт хийх үүргээ гүйцэтгэхгүй болохоор толгой компьютераас бусад нь интернэтэд холбогдохгүй байна гээд сууж байв. Хэдийгээр толгой компьютер нь windows үйлдлийн системтэй байсан ч хэрхэн тохируулахаа мэдэхгүй байсан болохоор барайгаад л явчихав. Тэгэхээр нь асуудлаа шийдвэрлэх жаахан ч гэсэн арга зам олох санаатай багшаасаа асуухаар шийдэв. Гэтэл бараг багшийн хэлсэн “internet sharring” гэсэн хоёр үг л асуудлыг шийдчихэв. Үнэндээ энэ байгууллагын толгой компьютерын тохиргоо амархан байлаа.
Control panel -> Network and Internet Connections -> Network Connections -> Интернэтэд холбогдож байгаа интерфэйсээ сонгоод хулганыхаа хоёрдугаар товч буюу баруун товчлуур дээрээ дараад гарч ирэх цэснээс properties-ийг сонгоод гарч ирэх цонхны advanced табын Internet Connection Sharing гэсэн хэсэгт байгаа “Allow other network users to connect through this computer’s Internet connection” гэсэн checkbox-ийг чагтлаад “OK” дараад гүйцээ.
Дараа нэг өдөр нь өөр нэгэн захиалга орж ирэв. Энэ бол дөнгөж баригдаад байсан зургаан давхар байшингийн нэг орцонд дотоод сүлжээг нь байгуулах явдал байлаа. Энэ ажил нь мөн л хэрхэн хийх нь төсөөлөгдөхгүй л байлаа. Дахин багшийгаа зовоосны эцэст ажлынхаа талаар нэлээд төсөөлөлтэй болж хийж бүтээх урам зоригтой болдог юм байна. Уг байшингийн давхар болгоны ханын мантажыг өөр хүмүүс хийчихсэн байсан бөгөөд бидний хийх сүлжээний бүтэц гэвэл нэгдүгээр давхарт найман порттой switch, 2-5 дугаар давхарт 16 порттой switch байх ба бүгд зургаан давхарт байрлах managed switch-тэй холбогдоно. Managed switch нь router-ээр дамжуулан isp компанитай холбогдоно. Ингээд эдгээр switch болон router-үүдийг сонгох гэж бал цаас барин нэлээд дэлгүүр хэссэний эцэст үйлчлүүлэгчийнхээ “700 доллараас аль болох бага мөнгөөр аль болох найдвартай ажиллагаатай сүлжээ байгуулах” гэсэн хүсэлд нь нэлээд нийцсэн үнийн тооцоо ч гаргсан даа.
Дараагийн захиалга бол сүлжээгээ share хийсэн printer-ээр хэвлэхэд удаад байна гэсэн асуудлыг шийдэх явдал байлаа. Үүнийг мөн л яаж шийдэх нь бид хоёрын хувьд тодорхойгүй байсан ч интернэтээр хайсны эцэст мөн л нэг шийдэлд хүрч хурдыг нь нэмэгдүүлж билээ.
Одоо бодохноо тэдгээр ажлуудын алийг нь ч хийж эхлэхдээ яаж хийхийг нь мэдэхгүй байсан ч ямартай ч чадсан учир нь чадна гэдэгтээ итгэсэнд л байна гэж бодогдох юм. Товчхондоо бол “Яаж хийхээ мэдэхгүй ч чадна гэдэгтээ итгэ”.

Friday, October 10, 2008

Тог тасарч сервер унтарнаа гэж.


Өнөөдөр сервер маань бас л тог тасарч 10 минут унтраалттай байлаа. Түрүүгийн баасан гарагт бас унтарч байсан санагдана. Серверийг буюу системээ тогтвортой ажиллуулах хүндэт үүргийг хүлээн авсан хүний хувьд энэ хариуцлагыг хүлээх ёстой байлаа. Уг нь UPS холбочихвол сервер маань арай л тогтвортой ажиллах бололтой. Гэхдээ нөөц хязгаарлагдмал байдаг учраас UPS худалдан авах боломжгүйн дээр хажууд нь байгаа бусад серверүүдийг битүү холбосон UPS-т бас холбож болохгүй юм. Тог гэдэг юм нь байхгүй бол миний сураад байгаа мэргэшил маань хэрэггүй эд болж таарч байна дөө. Сайн бодоод байвал арга олддог доо уг нь гэхдээ энэ удаа ч уг асуудлыг шийдэх аргыг ч олж чадахгүй юм байнаа.
За яахав тог унтрах асуудлыг шийдэж чададгүй юм байж. Гэхдээ сервер маань унтраад, тог ирэхээр буцаад асдаг бол бас болж байхсан. Гэтэл асахдаа csci hard disc-үүдээ шалгасны дараа нь заавал "F1" даруулж байж асах юм. Тэрийг шийдэхгүй бол тог унтраад ирсний дараа би гэдэг хүн заавал биеээрээ очиж асаах ажилтай. Энэ асуудлыг бас л шийдэх аргаа олдоггүй дээ. Сервер маань "Зураг 3.1"-т үзүүлсэн Compaq ProLiant 3000 Pentium II сервер бөгөөд setup байхгүй болохоор boot-ийн дарааллыг өөрчлөх боломжгүй. Энэ асуудлыг одоохондоо ostrich-ийн арга (тэмээн хяруул элсэнд толгойгоо хийдэг)-аар л шийдэж явна даа.

Wednesday, October 8, 2008

Нууц үгээ сонгоно гэж нэг асуудал байнаа.

Хаа ч явсан шинэ хэрэглэгчийн эрх үүсгэх шаардлага гарч ирнэ тэгээд нууц үг бөглөх хэсэг дээр нь ирээд гацана даа. Нэг бодлын тэр хэсгийг нь бөглөх амархан ч юм шиг. Өөрийнхөө хочыг, утасны дугаараа, 12345... гэсэн тоо, password гэсэн үг гээд л ерөн л тухайн үед санаанд орсон үгээ оруулчихаж болох л юм. Гэхдээ магадгүй тэр үед санаанд орж ирж байсан үг одоо санагдахгүй байна эсвэл хөндлөнгийн хэн нэгэн хальт хараад л цээжлээд авчихана. Тэгээд л баларч байгаа юм даа.

Миний бодлоор нууц үгийн сонголтон дээр жаахан цаг зараад хүчтэй нууц үгтэй болсон нь зүгээр юм шиг санагдлаа.

Нууц үгийн шаардлага:

* Цээжлэхэд төвөгтэй байх
* Нууц үгээ оруулахад хялбар байх

Цээжлэхэд төвөгтэй байх гэдгийн хувьд бол мэдээж аль болох урт байх хэрэгтэй бөгөөд үсэг тоо холилдсон байвал цээжлэхэд төвөгтэй нэг хараад нүдэнд тогтохгүй болж шалгаж үзэх тэмдэгтийн тоо олон болно. Мөн түүнээс гадна нууц үгэнд ямар нэгэн утга санаатай үг оруулах гэж байгаа бол танигдахгүй хэлбэрт хөрвүүлбэл зүгээр юм. Жишээ болгож "үзүүрт" гэсэн үг болон 2008 гэсэн тоог ашиглан нэг нууц үг үүсгэж үзье. Эхлээд "үзүүрт" гэдэг үгээ танигдахгүй хэлбэрт оруулъя. Keyboard дээр крил үсэг болон латин үсгийн байрлал нь дараах байдлаар харгалздаг.




Q W E R T Y U I O P A S D F G H J K L Z X C V B N M
Ф Ц У Ж Э Н Г Ш Ү З Й Ы Б Ө А Х Р О Л Я Ч Ё С М И Т


Тэгэхээр энэ харгалзсан байдлыг ашиглавал "ҮЗҮҮРТ" гэдэг үгэнд харгалзах латин үсгийн цуглуулга нь "OPOOJM" болж байна. Одоо "2008" тоог танигдахгүй хэлбэрт хөрвүүлье. "2008" тоог урвуугаар нь бичвэл "8002" болж байна. Ингээд эцэст нь "OPOOJM" болон "8002"-ийн тэмдэгтүүдийг эхлээд үсэг дараа нь тоо гэх мэтээр дараалал үүсгэвэл "O8P0O0O0J2M" болж байна. Ингээд хүчтэй нууц үгтэй боллоо. Мартсан үедээ "2008 үзүүрт" гээд л санахад хангалттай. Энэ хоёрыгоо мартах гээд байвал нэг юман дээр тэмдэглээд авчихаж болно нууц үг чинь гэдгийг хүмүүс мэдэхгүй юм чинь. Энэ нууц үгээ олон дахин ашиглаад ирэхээр хурдан хийдэг болчихоно.

Нууц үгээ оруулахад хялбар байх гэдгийн хувьд бол би хувьдаа хамаг юмаа laptop комьютер (notebook) ашиглан хийдэг болохоор энд тэнд суух газар олдохгүй явж байхад компьютераа ашиглах шаардлага гарч ирдэг. Ийм үед зөвхөн нэг гараараа хийдэг нууц үг байвал зүгээр байдаг. Өөрөөр хэлбэл арван хуруугаар шивэх байрлалын зөвхөн баруун эсвэл зүүн гарт харъялагдах тэмдэгтүүдээс сонговол laptop-оо нэг гараараа бариад нөгөө гараараа нууц үгээ хийнэ. "O8P0O0O0J2M" гэсэн нууц үгийн маань "2" гэсэн тэмдэгтээс нь бусад нь баруун гарт харъялагдахаар тэмдэгтүүд сонгогдсон байгааг та эрх биш ажигласан байх.

Monday, October 6, 2008

Анхны бичлэг.

Би гэдэг хүн шинэ зүйл мэдэх тусам мэдэж амжаагүй зүйл ямар их байгааг ухаардаг сан. Хэдийгээр би мэдлэг чадвар хомс ч гэсэн багахан мэдсэн зүйлээ ойлгомжтой тайлбарах чадвараа хөгжүүлэх үүднээс ямар нэг юман дээр бичиж байхаар шийдлээ.