Thursday, December 25, 2008

Гадаадад гарах гэж байна уу?

Нэг өдөр манай сургууль дээр япон улсад ажиллах сонирхолтой оюутнуудад зориулсан ажлын ярилцлага болдог юм байна. Энэ ярилцлага болсон шалтгаан нь гэвэл япон улсын мэдээллийн технологийн чиглэлээр сурч төгссөн оюутнуудын дийлэнх хувь нь үйлдвэрт ажилд орохоос зайлс хийх хандлагатай байдаг бөгөөд үйлдвэрийн мэдээллийн технологийн хэлтэст нь сайн боловсон хүчнээр дутагдалтай байдаг байна. Энэ шалтгаанаас үүдэн япон улсын үйлдвэрүүд нь хөгжил буурай орнуудын оюутнуудад гайгүй нөхцөл амлах замаар сайн боловсон хүчнийг шалгаруулж авах сонирхолтой байдаг юм байна.
Манай сургууль дээр "t-rad" group (www.trad.co.uk сайтаас дэлгэрэнгүй мэдээлэл авч болно)-ийн төлөөлөгчид ирсэн бөгөөд амалсан нөхцөл нь гэвэл японд очих зардлыг нь даана, очсон хойно нь 2-3 жил сургалтанд хамруулна. Энэ хугцаанд тэнд амьдрах нийгмийн зардлыг нь төлнө гэж байна. Харин нэгэнт очоод ажиллаж эхэлсэн бол доод тал нь 5 жил ажиллах гэрээ хийнэ гэж байна. Ерөн хоёрдугаар түвшний япон хэлний мэдлэгтэй, голч оноо нь гайгүй суралцдаг, жаахан хөдөлмөрч бол аваад явчихана гэж байна. Ингээд доод тал нь долоон жил амьдрах нөхцлөөр япон явж болох нь байна.
Дараа нь харин америкт ногоон кардтайгаар амьдардаг нэг ах веб сайтын тухай хичээл заалгана гэж манай сургууль дээр явж байдаг юм байна. Мань хэд жаал хууч хөөрвөө. Ярьж байгаагаар нь хууль ёсоор америкт ажиллаж амьдрах боломж байдаг гэнэ. Яаж вэ гэхээр америкийн аль нэг их дээд сургуулиудын урилгыг интернэтээр захиалаад (үнтэй байх нь хамаагүй) түүгээрээ визээ гаргуулна. Тэгээд америкт очсон хойноо аль нэг хэлний курст очоод визээ шилжүүлчихэнэ. Ингээд америкт хууль ёсоор оршин суух боломжтой болдог бололтой юм.
Ингээд бодохоор хүсвэл гадаадад гарах олон л нүх сүв харагдаж байна. Гэхдээ монголд амьдрах нөхцөл үнэхээр байхгүй байна гэжүү дээ? Монголд төрсөн нь азгүй явдал гэжүү? Би лав хувьдаа тэгэж бодохгүй байна. Монголд амьдрахад асуудал их бий нь үнэн гэхдээ бүр хүн амьдрах боломжгүй газарч биш байх. Би лав хувьдаа харийн нутагт гарч амьдрахыг тэр болгон эрмэлздэггүй.

Цаг барих нь өөрийгөө үнлүүлэхийн үндэс

Хүн болгон л цаг барих нь ач холбогдолтой гэдгийг мэдэх байх гэхдээ хэрэгжүүлэхдээ зарим нь арай өөрөөр хийгээд байх шиг харагдах юм. Би ч учиргүй цаг бариад байдаг хүн биш л дээ гэхдээ заримдаа үнэхээр цаг барихын төлөө хичээдэг. Түрүүн “Яаж хийхээ мэдэхгүй ч чадна гэдэгтээ итгэ” гэдэг сэдэв дээр ярьсан зургаан давхар барилгын дотоод сүлжээний ажил дээр ажиллаж байх үедээ нэг сайн хийж чадсан юм маань гэвэл цаг барих байлаа. 9-н цагт уулзана гэсэн л бол 9:00 гэхэд уулзах газраа гозойж байлаа. Учир нь би нэлээдгүй газар алхаж очдог байсан болохоор тооцоолсон цагаас 0-5 минутаар л зөрж очино. Энэ цагийн алдагдлаа арилгахын тулд болзсон цагаас 5-н минутын өмнө очино гэж тооцоолж алхаж эхэлдэг байв. Үүний үр дүнд л цалингаа авах гээд зогсож байхад үйлчлүүлэгч маань “Цаг барина гэдэг бол амжилтын үндэс” гэж хэлээд дахиад нэг дөрвөн давхар барилгад дотоод сүлжээг нь засварлах ажил байна хийгээд өгөөч гэж хэлж байсныг нь бодохоор өөрөөрөө жаахан ч гэсэн бахархаж билээ.

Өөрийн оролдлого л хамгийн сайн сургалт юмуу даа.

Би нэг хэсэг дуудлагаар хүмүүсийн компьютерыг янзалдаг ажил хийж жаахан ч гэсэн хоолны мөнгөө олвоо. Тэгтэл нэлээд олон хүнээс “Чи яаж энэ бүхнийг мэдэж авсан юм бэ? Сургалтанд суусан юм уу? Надад заагаад өгөөч” гэсэн хэдэн үгсийг байнга давтан сонсох болж. Би дандаа “өөрийн учир утгагүй оролдогуудаараа л сурсан” гэж хариулдаг юм. Уг нь бол би ч нэг их мундаг хүн бишдээ. Тэдний тэгэж хэлж байгаа нь үнэндээ миний мундаг, мундаг бишэд байгаа юм биш тэд өөрсдөө энэ чиглэлээр оролдлого бага хийсэнд л байгаа юм гэж бодогдох юм. Энэ жишээгээрээ би юу хэлэх гээд байна вэ гэвэл хүн өөрөө би чадна, би сурна, би хийнэ гэсэн байдлаар асуудалд хандаж байнга оролдлого хийгээд байвал хэн ч байсан юуг ч тодорхой хугацаа зарсны дараа сурч бүтээж чадах л болно гэж хэлэх гээд оролдоод байгаа юм (Би өөрөө асуудалд ингэж ханддаг мундаг хүн гэсэн үг биш юм шүү. Хүн ярьж байгаа шигээ байх ёстой мэт боловч заавал тийм байх албагүй шүү дээ. Гэхдээ би тийм байхын төлөө чадах чинээгээрээ л хичээдэг).
Ийм төрлийн өөр жишээ гэвэл нэг өдөр манай нэг найз өөрт нь тулгарсан асуудлаа хэрхэн шийдэх талаар надаас асуудаг юм байна. Уг нь би түүнийг нь сохор азаар маш сайн мэддэг байж таарч гэхдээ би тэр үед өөрт тулгарсан ойлгомжгүй асуудлаа шийдхийг оролдож гүүглийн хайлтын утгуудыг нэг бүрчлэн ухаж түнхэж байсан болохоор асуусан асуултанд нь анхаарал тавьсангүй. Энэ байдал нэлээд удаан үргэлжилсэн тул нөгөө найз маань нэлээн дургүйцлээ илэрхийлж байгаа харагдана. Энэ байдлыг нэг талаас нь харвал би ч жаахан мэддэг юмаа хэлээд өгчихдөггүй нэлээд муу хүн бололтой юм. Нөгөө талаас харвал хүнд өөрт нь интернэтээс хайх зэрэг асуудлаа шийдэх өргөн олон боломж байхад заавал хэн нэгэн нь сайхан тайлбарлаад өгөхийг хүлээн бухимдах нь зөв эсэхэд эргэлзэх л юм. Хүн асуулт асуухад нь хэрвээ мэддэг бол гялс тайлбарлаад өгөх нь зөв байх. Эсвэл магадгүй өөрийн оролдлогоороо хариултыг нь олог гэж орхих нь илүү зөв ч юм шиг. Ямартай ч миний нэлээд сонгодог сонголт бол хариултыг нь мэддэг асуултандаа хариулалгүй орхих явдал юм даа (харамсалтай нь хариултыг нь мэдэхгүй байх нь их юм даа).