Wednesday, August 12, 2009

Бяцхан эх оронч үйлдэл. . .

Би гэдэг хүн "эх орныхоо төлөө" гээд тав эсвэл гурван давхар байшинг шатаалцаж яваагүй билээ :-). Мөн түүнчлэн "эх орныхоо төлөө" гээд галт зэвсгийн өөдөөс цээжээ дэлдэн орж ч үзээгүй юм. Тэгэхгүй ч биз.
Харин өнөө өглөө салхинд гараад алхангаа цэцэрлэгийн ногоон зүлгэн дээр хэвтэж байгаа гялгар уут орчныхоо байгалийн өнгийг гутаагаад нэг л онцгүй харагдах тул аваад хогийн саванд хийв. Дараа нь энэ инээдтэй гэмээр бяцхан үйлдлээ зөв хэмээн бодов.
Өмнө нь би өөрөө гудамжинд хог хаядаг л байсан. Гэхдээ нэлээд дээр үед л хогоо хаяхдаа ойр хавьд хогийн сав харагдахгүй байвал тэр газраа хаядаг байснаа болиод хогийн сав тааралдах хүртэл барьж яваад хогийн саванд хийдэг болсон билээ. Гэхдээ хэзээ ч өмнө нь хүний хаясан хогийг авч хогийн саванд хийж байгаагүй юм байна. Харахад л өмнө нь яаж ч байсан хог юм билээ гээд сэжиг хүрээд, хүрэхээс ч цааргалдаг байсан.
Өнөөдөр яагаад хүний хаясан хогийг хогийн саванд хийсэн бэ? гэхээр миний бяцхан төсөөлөлтэй минь холбоотой юм: Ишида гэх ч япон хүн нэлээд баян бизнесмен юм. Өмнө нь "ногоон цэцэрлэг" гэсэн төслийн хүрээнд цэцэрлэг тохижуулахад зориулан нэлээд хэдэн сая төгрөг Монголд буцалтгүй тусламж болгон өгсөн бөгөөд өөрөө Монголд амьдрах тул нөгөө төслийн хүрээнд янзлагдсан цэцэрлэгтээ өглөөгүүр салхилахаар ирэв. Ишида "Өглөөний хүн" гэдэг номыг таван ч удаа уншиж байсан бөгөөд уг номын зохиолч Сайшо Хирошитой сайн найз болохоор өглөөний цагийг ашиглан ирээдүйд хийх зүйлээ сайтар төлөвлөдөг нэгэн болохоор Монголд буцалтгүй тусламж болгон оруулах дараагийн төслийнхөө тухай тайван бодохын тулд уг цэцэрлэгт салхилж яваа билээ. Гэтэл өөрийнхөө хөрөнгө оруулалт хийж засуулсан цэцэрлэгтээ ирээд бодол нь өөрчлөгдөж дараагийн төслийг цуцлахаар шийдэв. Учир нь зүлгэн дээр налайн хэвтэх гялгар уутыг хараад түүний бахархах сэтгэл нь үгүй болж ингэхэд хүрсэн байв.
Хэдийгээр Ишидагийн түүх миний төсөөлөл дотор өрнөж байгаа боловч магадгүй миний хийсэн "баяцхан эх оронч үйлдэл" маань том өөрчлөлтийн түлхүүр нь ч байх юм билүү. Үгүй байлаа ч гэсэн энд бичсэн юм маань хэн нэгэн хүний сэтгэлийг хөдөлгөж тэр хүн нь хүний хаясан хогийг аваад хогийн саванд хийдэггүй юмаа гэхэд өөрийнхөө хогийг байгаа газартаа хаялгүй хогийн саванд хийж байхаар шийдэх ч юм билүү. Миний хийсэн зүйл ямар үр дүн авчрахыг би яг таг мэдэхгүй ч ямартай ч өөрийгөө зөв зүйл хийсэн хэмээн итгэв. Бяцхан төсөөллөөрөө ч өөрийгөө урамшуулав. Мөн гэртээ ирээд гараа угаасан. :-)

3 comments:

XATHAA said...

за ёстой гоё юм бичсэн байна би дэмжиж байна

Otgonlkhagva said...

Сэтгэгдэл үлдээсэн болон дэмжиж байгаад баярлалаа.

Bayar Sain said...

good job man