Thursday, December 25, 2008

Өөрийн оролдлого л хамгийн сайн сургалт юмуу даа.

Би нэг хэсэг дуудлагаар хүмүүсийн компьютерыг янзалдаг ажил хийж жаахан ч гэсэн хоолны мөнгөө олвоо. Тэгтэл нэлээд олон хүнээс “Чи яаж энэ бүхнийг мэдэж авсан юм бэ? Сургалтанд суусан юм уу? Надад заагаад өгөөч” гэсэн хэдэн үгсийг байнга давтан сонсох болж. Би дандаа “өөрийн учир утгагүй оролдогуудаараа л сурсан” гэж хариулдаг юм. Уг нь бол би ч нэг их мундаг хүн бишдээ. Тэдний тэгэж хэлж байгаа нь үнэндээ миний мундаг, мундаг бишэд байгаа юм биш тэд өөрсдөө энэ чиглэлээр оролдлого бага хийсэнд л байгаа юм гэж бодогдох юм. Энэ жишээгээрээ би юу хэлэх гээд байна вэ гэвэл хүн өөрөө би чадна, би сурна, би хийнэ гэсэн байдлаар асуудалд хандаж байнга оролдлого хийгээд байвал хэн ч байсан юуг ч тодорхой хугацаа зарсны дараа сурч бүтээж чадах л болно гэж хэлэх гээд оролдоод байгаа юм (Би өөрөө асуудалд ингэж ханддаг мундаг хүн гэсэн үг биш юм шүү. Хүн ярьж байгаа шигээ байх ёстой мэт боловч заавал тийм байх албагүй шүү дээ. Гэхдээ би тийм байхын төлөө чадах чинээгээрээ л хичээдэг).
Ийм төрлийн өөр жишээ гэвэл нэг өдөр манай нэг найз өөрт нь тулгарсан асуудлаа хэрхэн шийдэх талаар надаас асуудаг юм байна. Уг нь би түүнийг нь сохор азаар маш сайн мэддэг байж таарч гэхдээ би тэр үед өөрт тулгарсан ойлгомжгүй асуудлаа шийдхийг оролдож гүүглийн хайлтын утгуудыг нэг бүрчлэн ухаж түнхэж байсан болохоор асуусан асуултанд нь анхаарал тавьсангүй. Энэ байдал нэлээд удаан үргэлжилсэн тул нөгөө найз маань нэлээн дургүйцлээ илэрхийлж байгаа харагдана. Энэ байдлыг нэг талаас нь харвал би ч жаахан мэддэг юмаа хэлээд өгчихдөггүй нэлээд муу хүн бололтой юм. Нөгөө талаас харвал хүнд өөрт нь интернэтээс хайх зэрэг асуудлаа шийдэх өргөн олон боломж байхад заавал хэн нэгэн нь сайхан тайлбарлаад өгөхийг хүлээн бухимдах нь зөв эсэхэд эргэлзэх л юм. Хүн асуулт асуухад нь хэрвээ мэддэг бол гялс тайлбарлаад өгөх нь зөв байх. Эсвэл магадгүй өөрийн оролдлогоороо хариултыг нь олог гэж орхих нь илүү зөв ч юм шиг. Ямартай ч миний нэлээд сонгодог сонголт бол хариултыг нь мэддэг асуултандаа хариулалгүй орхих явдал юм даа (харамсалтай нь хариултыг нь мэдэхгүй байх нь их юм даа).

No comments: