Sunday, August 23, 2009

Командын мөрнөөс тветердэх нь

Тветер гэдэг юмийг http://www.dulmandakh.com/2009/06/twitter.html, http://www.otgonpurew.com/2009/06/twitter.html блогуудаас анх сураг гаргаад сонирхож http://twitter.com/otgonlkhagva гэсэн хэрэглэгч үүсгээд заримдаа шалгах болов. Гэтэл энэ нь сүүлдээ броузерын хаягийн мөрөнд бичиж шалгах нь ядаргаатай мэт санагдаж firefox-доо twitterfox гэсэн add-on (https://addons.mozilla.org/en-US/firefox/addon/5081) суулгаад шинэ зурвасуудыг цаг алдалгүй хүлээн авч хариу бичих боломжтой болов. Харин саяхан techrepublic-ийн мэйлүүдийг уншаад сууж байсан чинь "tweeting from the command line" гэсэн гарчиг бүхий мэдээ ирсэн байгаа нь сонирхол татав. Энд curl-ийг ашиглаад командын мөрнөөс хялбархан тветерт бичлэг оруулдаг скриптийг тайлбарлаж. Уг скрипт надад ихэд таалагдаж доор оруулав:

#!/bin/sh
tweet="${@}"
user="username"
pass="password"
if [ $(echo "${tweet}" | wc -c) -gt 140 ]; then
    echo "FATAL: The tweet is longer than 140 characters!"
    exit 1
fi
curl -k -u ${user}:${pass} -d status="${tweet}" https://twitter.com/statuses/update.xml >/dev/null 2>&1
if [ "$?" == "0" ]; then
    echo "Successful tweet!"
fi

Эх сурвалж:
http://blogs.techrepublic.com.com/opensource/?p=859&tag=nl.e011 [2009/08/23]

Ашиглахдаа:
$ [PATH]/tweet "a message"
Successful tweet!

Wednesday, August 12, 2009

Бяцхан эх оронч үйлдэл. . .

Би гэдэг хүн "эх орныхоо төлөө" гээд тав эсвэл гурван давхар байшинг шатаалцаж яваагүй билээ :-). Мөн түүнчлэн "эх орныхоо төлөө" гээд галт зэвсгийн өөдөөс цээжээ дэлдэн орж ч үзээгүй юм. Тэгэхгүй ч биз.
Харин өнөө өглөө салхинд гараад алхангаа цэцэрлэгийн ногоон зүлгэн дээр хэвтэж байгаа гялгар уут орчныхоо байгалийн өнгийг гутаагаад нэг л онцгүй харагдах тул аваад хогийн саванд хийв. Дараа нь энэ инээдтэй гэмээр бяцхан үйлдлээ зөв хэмээн бодов.
Өмнө нь би өөрөө гудамжинд хог хаядаг л байсан. Гэхдээ нэлээд дээр үед л хогоо хаяхдаа ойр хавьд хогийн сав харагдахгүй байвал тэр газраа хаядаг байснаа болиод хогийн сав тааралдах хүртэл барьж яваад хогийн саванд хийдэг болсон билээ. Гэхдээ хэзээ ч өмнө нь хүний хаясан хогийг авч хогийн саванд хийж байгаагүй юм байна. Харахад л өмнө нь яаж ч байсан хог юм билээ гээд сэжиг хүрээд, хүрэхээс ч цааргалдаг байсан.
Өнөөдөр яагаад хүний хаясан хогийг хогийн саванд хийсэн бэ? гэхээр миний бяцхан төсөөлөлтэй минь холбоотой юм: Ишида гэх ч япон хүн нэлээд баян бизнесмен юм. Өмнө нь "ногоон цэцэрлэг" гэсэн төслийн хүрээнд цэцэрлэг тохижуулахад зориулан нэлээд хэдэн сая төгрөг Монголд буцалтгүй тусламж болгон өгсөн бөгөөд өөрөө Монголд амьдрах тул нөгөө төслийн хүрээнд янзлагдсан цэцэрлэгтээ өглөөгүүр салхилахаар ирэв. Ишида "Өглөөний хүн" гэдэг номыг таван ч удаа уншиж байсан бөгөөд уг номын зохиолч Сайшо Хирошитой сайн найз болохоор өглөөний цагийг ашиглан ирээдүйд хийх зүйлээ сайтар төлөвлөдөг нэгэн болохоор Монголд буцалтгүй тусламж болгон оруулах дараагийн төслийнхөө тухай тайван бодохын тулд уг цэцэрлэгт салхилж яваа билээ. Гэтэл өөрийнхөө хөрөнгө оруулалт хийж засуулсан цэцэрлэгтээ ирээд бодол нь өөрчлөгдөж дараагийн төслийг цуцлахаар шийдэв. Учир нь зүлгэн дээр налайн хэвтэх гялгар уутыг хараад түүний бахархах сэтгэл нь үгүй болж ингэхэд хүрсэн байв.
Хэдийгээр Ишидагийн түүх миний төсөөлөл дотор өрнөж байгаа боловч магадгүй миний хийсэн "баяцхан эх оронч үйлдэл" маань том өөрчлөлтийн түлхүүр нь ч байх юм билүү. Үгүй байлаа ч гэсэн энд бичсэн юм маань хэн нэгэн хүний сэтгэлийг хөдөлгөж тэр хүн нь хүний хаясан хогийг аваад хогийн саванд хийдэггүй юмаа гэхэд өөрийнхөө хогийг байгаа газартаа хаялгүй хогийн саванд хийж байхаар шийдэх ч юм билүү. Миний хийсэн зүйл ямар үр дүн авчрахыг би яг таг мэдэхгүй ч ямартай ч өөрийгөө зөв зүйл хийсэн хэмээн итгэв. Бяцхан төсөөллөөрөө ч өөрийгөө урамшуулав. Мөн гэртээ ирээд гараа угаасан. :-)

Saturday, July 18, 2009

Chrome-ийг fedora дээр хялбархан суулгах.

Chrome интернэт хөтөчийг fedora дээр суулгах хамгийн хялбар арга бол chromium repository-ийг нэмээд yum пакеж удирдагчаар суулгах л байх даа.

Chromium repositroy-ийг нэмэхдээ ямар нэгэн файл засварлагчийг ашиглан "/etc/yum.repos.d/chromium.repo" файлыг үүсгээд дараах мөрүүдийг оруулаад хадгална:
[chromium]
name=Chromium Test Packages
baseurl=http://spot.fedorapeople.org/chromium/F$releasever/
enabled=0
gpgcheck=0

Тухайлбал дээрх мөрүүдийг оруулахдаа "cat"-ийг дараах байдлаар ашиглаж болох юм:
cat > /etc/yum.repos.d/chromium.repo << 'END'
[chromium]
name=Chromium Test Packages
baseurl=http://spot.fedorapeople.org/chromium/F$releasever/
enabled=0
gpgcheck=0
END

Нэгэнт дээр үзүүлсэн байдлаар chromium repository-ийг нэмсэн бол одоо уг repository-ийг идэвхижүүлээд yum пакеж удирдагчийг ашиглан дараах байдлаар суулгаж болно:

yum --enablerepo=chromium install chromium nss-mdns

Эх сурвалж: http://blog.stevecoinc.com/2009/07/hey-spot.html (Хандсан хугацаа: 2009.07.18)

Friday, July 10, 2009

Yahoo GeoCities хаагдаж байна.

Хамгийн анх өөрийн гэсэн вэб хуудсыг үүсгээд yahoo-гийн сервер дээр байршуулаад интернэтэд холбогдсон янз бүрийн компьютерүүдийг ашиглан үзэж, өөрчилж болж байгааг мэдээд маш их баярлаж байсан. Ийм боломжийг yahoo geocities үйлчилгээ олгож байсан билээ.

2009 оны 7 сарын 10-нд буюу өнөөдөр "yahoo@email.yahoo-inc.com"-оос ирсэн э-мэйлээр албан ёсоор мэдэгдэж байгаагаар 2009 оны 10 сарын 26-нд yahoo geocities үйлчилгээ зогсох юм байна. Иймд бидэнд дараах хоёр сонголт байгаа юм байна:
1. yahoo-гийн сервер дээр байрлуулсан вэб хуудсаа өөр сервер лүү зөөх, файлуудаа татаж авах.
2. yahoo-д хостинг хийх төлбөр төлөх. Энэ тохиолдолд файлууд нь автоматаар зөөгдөж, домайн нэр нь солигдож geocities-ийн хаяг нь redirect хийгддэг болох юм байна.

Ингээд тун удахгүй би өөрөө засахгүй л бол миний блог дээр энд тэнд нь гарч байгаа лого маань харагдахгүй болох юм шиг байна даа. Учир нь address bar-ийн урд хэсэгт гараад байгаа лого маань yahoo geocities үйлчилгээг ашиглан yahoo-гийн сервер дээр байршуулсан icon зураг билээ.

Sunday, June 28, 2009

Windows дээр үбүнтү суулгах.

Манай нэг танил саяхан үбүнтүгийн СиДи хаанаас олж болох вэ? гэж асуудаг юм байна. Тэгэхээр нь би бодох ч юм байхгүй http://www.dulmandakh.com/2009/06/904.html холбоосийг өгөөд явуулав (үбүнтүгийн СиДи одоо МТҮП-ийн үүдний жижүүр дээр тараагдаж байгаа). Гэтэл хэсэг хугацааны дараа манай хүн windows дээр суулгаж болдог энэ чинь гоё юм байна гэдэг юм байна. Би юу яриад байгааг нь сайн ойлгосонгүй. Тайлбарлуулж байж л ойлголоо:

1. Windows-өөрөө орсон байх үедээ үбүнтүгийн live СиДи-гээ хийхээр autorun нь ажиллаад дараах цонх гарч ирнэ.
2. Install inside windows гэсэн сонголтыг сонгож үбүнтүгээ windows дээр суулгана.

3. "Installation drive" дотроос үбүнтү суулгаж болохуйц сул зай бүхий drive-ийг сонгоно. "Installation size" дотроос өөрийн хэрэглээ, суулгахаар сонгосон drive-ийн хэмжээ зэрэгтэйгээ уяалдуулаад үбүнтүгийн эзлэх хэмжээг зааж өгнө. "Desktop environment" дотроос ямар дэлгэцийн орчинтой байхыг тохируулна. "Language" дотор хэлээ тохируулна. "Username" гэсэн хэсэгт өөрийн үбүнтү рүү нэвтэрч ороход ашиглах хэрэглэгчийн нэрийг тохируулна. "password" гэсэн хэсэгт хэрэглэгчийнхээ нууц үгийг тохируулж өгнө.

4. Үбүнтүгийн boot, swap, root partition-ууд тохируулагдаж СиДи-нд байгаа файлуудыг хуулж дуусах хүртэл бага зэрэг хүлээнэ.

5. Компьютерээ унтрааж асаагаад windows-ийн grub-д үбүнтү гэсэн сонголт орж ирсэн байгаагаас үбүнтү гэдгийг сонгоод суулгацыг үргэжлүүлж дуусгаад болоо.

Санамж: Би зөвхөн күбүнтү 9.04 desktop хувилбарыг windows xp service pack 3 professional хувилбар дээр суулгаж туршиж үзсэн болно.

Monday, June 22, 2009

Сайхан зугаалав.

Энэ хорвоо надад эрдэнэ мэт сайхан хүмүүсийг, мартагдашгүй сайхан нөхөрлөлийг өгч байгаад нь би талархаж явдаг билээ. Их сургуулийн ангийн андуудаа гэж . . .

Энэ сайхан зугаалга маань зайсан толгой өөд өгссөнөөр эхэлж билээ . . .

Гандан орохоо яаж мартах билээ . . .

Тэрэлжийн байгаль ч аргагүй сайхан байна лээ. Мэлхий хадны дэргэд тагнаа таших булгийн хүйтэн усаар ундлах нь ч аргагүй сайхан юм аа . . .

Мэдээж Тэрэлжийн тэнд байдаг сүм рүү явалгүй яахав. Дүүжин гүүрийг нь дамжаад л . . .
Уулийн таг дээр гарна гээд сүмийн ард талын уулын энгэр өөд өгсөөд эхэлсэн чинь айдас хүйдэс, ядрал, эргэлзээ, цөхрөл ээлжилсээр байх боловч хамтын сэтгэлээр мацаж билээ . . .

Ямар хүмүүс нь гэхээр намайг цөхрөөх өндөрлөгт хашаа байшин барьсан байдаг байнаа . . .

Зорилго өөд авирч гараад амарч хэвтэх шиг сайхан зүйл байхгүй юм билээ . . .

Уулын таг ч цэцэг навч, ой мод гээд байгалийн үзэмж төгс юм билээ . . .

Уруудах зам их, харих газар алсад байж туулах зам их болохоор бие ядрах нь жигтэйхэн байна. Гэхдээ сэтгэлийн баяр баясгалан түүнээс их юм билээ. Зугаалнаа гэж . . .

Monday, June 15, 2009

Бакалавр зэрэгтэй болох нь.

Ингээд Монгол Улсын Их Сургуульд ороод дөрвөн жил суралцсаны эцэст өнөөдөр дипломоо аваад сургуулиа төгсөх болж байна даа. Энэ дөрвөн жилийн хугацаанд хүмүүсийн ярихыг анхааралтай сонсож, бичсэнийг уншиж, боломжоороо туршиж явсаар их ч юм сурч дээ. Мөн хэтэрхий их юмийг сурсангүй төгслөө дөө. Одоо ингээд бодоход өөрийнхөө мэддэггүй гэдгээ мэдэх, чадаггүй гэдгээ мэдэх зүйлс ямар их байна вэ? Мөн миний мэддэггүй гэдгээ ч мэддэггүй зүйлс хэр их байгаа болоо? Ямартай ч бакалавр зэрэгтэй болох нь.

Saturday, May 30, 2009

Би firefox-ийг сайн ашиглаж чаддаггүй!

Блог руу маань хандсан цөөхөн хэдэн хандалтаа шалгаж үзсэн чинь зочдын маань 84.54% нь firefox-ийг ашигладаг байх юм. "Зураг 17.1"-т google analytic-ийн харуулсан хүснэгтийг нь үзүүлэв:
Зураг 17.1
Би тэр firefox гэдэг юмийг нь сайн мэдэхгүйлдээ. Гэхдээ магадгүй миний мэдэх жаахан юмийг мэдэхгүй хэн нэгэн байхыг үгүйсгэхгүй гэсэн үүднээс нэг бичлэг бэлдэж байгаа минь энэ.
Firefox-ийн стандарт preferences доторх хадгалагдсан нууц үгээ харах, мастер нууц үгээ тодорхойлох зэрэг энгийн тохиргоог бол ихэнх хүмүүс мэдэх байх харин стандарт preferences дотор нь байдаггүй нууцлагдсан тохиргоог хийх бол "Зураг 17.2"-т үзүүлснээр браузерынхоо address bar дээр нь about:config гэж бичээд ордог. "I'll be careful, i promise" гэсэн товчлуур дээр товшоод уг нуугдсан тохиргоог болгоомжтой хийнэ гэдгээ батална. Болгоомжтой байхын үүднээс хэрэглэгчийн home directory-т байдаг firefox-ийн тухайн хэрэглэгчтэй холбоотой тохиргоо байдаг prefs.js файлыг хуулж аваад нөөцөлсөн нь дээр байдаг. Асуудал гарвал буцаагаад байранд нь хуулна шүү дээ.

Зураг 17.2

About:config-ийн тохиргоонууд "Зураг 17.3"-т үзүүлсэн байдлаар гарч ирдэг. Тэндээс өөрийн сонгосон тохиргоог filter bar дээр нь төсөөлдүүлээд бичэх замаар олоход амар байдаг. Өөрөөр хэлбэл тохируулахгүй тохиргоонуудыг харагдахгүй болгож, шүүж харуулна гэсэн үг. Сонгосон тохиргоондоо өөрчлөлт хийхдээ дээр нь хулганыхаа зүүн товчлуур дээр хоёр удаа товшино (double click on mouse 1).

Зураг 17.3


Firefox-ийг арай илүү хурдан ажилладаг болгохын тулд "Зураг 17.4"-т үзүүлсэн байдлаар дараах тохиргоонууд хийж болно:
  • "network.http.pipelining"-ийг true болгон тохируулах. Ингэснээр pipeline холболтыг дэмждэг серверлүү нэг хүсэлт илгээгээд хариу нь ирэхээр дараагийн хүсэлтээ илээдэг байхын оронд нэг зэрэг олон хүсэлт илгээгээд хариугаа авах боломжтой болно.
  • "network.http.proxy.pipelining"-ийг true болгон тохируулах. Ингэснээр pipeline холболтыг дэмждэг proxy серверүүдтэй дээрэхтэй адилаар pipeline холболтыг үүсгэх боломжтой болно.
  • "network.http.pipelining.maxrequests"-ийг нэмэгдүүлэх. Тухайлбал 8 болгосноор pipeline холболтыг дэмждэг серверлүү нэг зэрэг 8 хүсэлтийг илгээх боломжтой болно.
  • "network.http.max-connections"-ийг нь нэмэгдүүлэх. Тухайлбал 96 болгосноор холбогдож байгаа серверүүдтэйгээ зэрэг 96 холболтыг үүсгэх боломжтой болно.
  • "network.http.max-connections-per-server"-ийг нь нэмэгдүүлэх. Тухайлбал 32 болгох. Ингэснээр нэг сервертэй зэрэг 32 холболт тогтоох боломжтой болно.
Эдгээр тохиргоог хийхдээ болгоомжтой бодож хийхгүй бол магадгүй хурдасгах биш удаашруулах болж магадгүй гэдгийг санах хэрэгтэй. Тухайлбал pipeline холболтыг дэмжихгүй серверлүү pipeline холболт тогтоох гээд олон хүсэлтийг нэгэн зэрэг илгээхээр алдаа гарна шүү дээ.
Зураг 17.4

Зөвхөн windows үйлдлийн системийн хувьд том хэмжээтэй файл татахад янз бүрийн хөнөөлтэй програм байгаа эсэхийг шалгах үйлдэл нь их удаан болгодог. Иймд файлыг "Зураг 17.5"-д үзүүлсний дагуу шалгахгүй болгож тохируулж болно. Гэхдээ мэдээж шалгалт хийхгүй байх нь ямар үр дагавартай гэдгийг та өөрөө сайн мэдэж байх хэрэгтэй шүү дээ. Тохируулахдаа: "browser.download.manager.scanWhenDone"-ийг false болгоно.

Зураг 17.5

Firefox-ийн анхны тохиргоогоороо зөвхөн олон мөртэй textbox-уудад бичих үгний алдааг шалгадаг. Тэгвэл "Зураг 17.6"-д үзүүлсэн байдлаар "layout.spellcheckDefault"-ийг 2 болгож тохируулаад бүх textbox-уудад алдаа шалгадаг болгож болно.
Зураг 17.6

Address bar-ийн баруун талд байдаг search bar дээр хайлт хийх үед одоо ашиглаж байгаа tab дээр хайлтын үр дүн гардаг. Энэ нь магадгүй анх үзэж байсан tab-аа буцааж үзэх хэрэг гарахад төвөгтэй болгодог. Иймд "Зураг 17.7"-д үзүүлсэн байдлаар "browser.search.openintab"-ийг true болгож search bar дээр хайлт хийхээр үр дүн нь шинэ tab дээр гардаг болгон тохируулж болно.
Зураг 17.6

Шинээр extension суулгах үед хэдэн секунд хүлээж байж "install" гэсэн товчлуур нь идэвхитэй болдог. Иймд "Зураг 17.7"-д үзүүлсэн байдлаар "security.dialog_enable_delay"-ийг 0 болгож хүлээхгүй болгож болно.
Зураг 17.7

HTML хуудасны эх кодыг нь харахдаа шууд текст засварладаг програм дээр гардаг болгон тохируулах бол "Зураг 17.8"-д үзүүлснээр "view_source.editor.external"-ийг true болгоод "view_source.editor.path"-д текст засварлагч програмын замыг зааж өгөх замаар дурын текст засварлагч програмаар эх кодыг нь хардаг болж болно.
Зураг 17.8

Анхны тохиргоогоороо extension нэмэх талбарт шинээр нэмэх боломжтой 5 addons гардаг. Тэгвэл "Зураг 17.9"-д үзүүлсэн байдлаар "extension.getAddons.maxResults"-ийг 10 болгох замаар extension нэмэх талбарт 10 addons гардаг болгож болно.
Зураг 17.9


Зарим нэг ашигладаг extensions:
  • Google-preview (https://addons.mozilla.org/en-US/firefox/downloads/latest/189 sdf). Google болон yahoo-ын хайлтын үр дүнгийнх нь урд талд нь уг холбоосоор орох сайтынх нь жижиг зураг харагддаг болдог.
  • Adblock plus (https://addons.mozilla.org/en-US/firefox/downloads/latest/1865). Янз бүрийн үзэхийг хүсэхгүй юмнуудаа блоклоход хэрэг болдог. Тухайлбал сайтуудын хэрэгтэй хэрэггүй баннеруудыг харагдахгүй болгож болно.
  • Stumble upon (https://addons.mozilla.org/en-US/firefox/downloads/latest/138). Сайтуудыг агуулгаар нь ангилсан хайлтын системтэй холбогддог, өөрийн профайлаа үүсгээд үзэх чиглэлээ оруулах, online bookmark үүсгэх гээд нэлээд хэрэгтэй эд.
  • Rigth-click-link (https://addons.mozilla.org/en-US/firefox/downloads/latest/1472). Текстэн дундах холбоосыг хуулж аваад address bar дээр оруулдаг байхын оронд баруун товчлуурынхаа тусламжтайгаар шууд оруулдаг болно.
  • Bandwidth meter and Diagnostics (https://addons.mozilla.org/en-US/firefox/downloads/latest/2450). Зурвасын өргөнд шалгалт хийхэд хэрэглэнэ.
  • DownThemAll (https://addons.mozilla.org/en-US/firefox/downloads/latest/201). Эвтэйхэн download manager гэхдээ заримдаа megaupload.com-оос юм татах үед алдаа гараад байдаг.
  • IDM cc 5.6 (https://addons.mozilla.org/en-US/firefox/addons/policy/0/6973/28730). IDM-ийг firefox-т extension болгоод оруулдаг.
  • Broadband speed test and diagnostics (https://addons.mozilla.org/en-US/firefox/downloads/latest/2360/platform:5) Мөн зурвасын өргөнд шалгалт хийхэд хэрэглэдэг.
  • Scrapbook (https://addons.mozilla.org/en-US/firefox/downloads/latest/427) Татаж авах вэб хуудсуудыг эмхэлж зэгцлэхэд хэрэг болдог.
  • Flash video resources downloader (https://addons.mozilla.org/en-US/firefox/downloads/latest/5229). Flash файлуудыг татахад хэрэг болдог.
  • Delicious Bookmarks (https://addons.mozilla.org/en-US/firefox/addons/policy/0/3615/42403). Online bookmark үүсгэхэд хэрэг болно. Өөрөөр хэлбэл өөрийн үзэх дуртай вэб сайтуудын холбоосуудыг бүтэцлээд delicious-ийн сервер дээр өөрийнхөө профайлыг ашиглан хадгална. Энэ нь хаанаас ч өөрийнхөө үздэг сайтуудыг олоход хялбар болгож өгдөг bookmark extension.
  • WOT (https://addons.mozilla.org/en-US/firefox/downloads/latest/3456). malware, spam-аар булж магадгүй итгэмжлэгдээгүй сайтууд руу ороход анхааруулага өгдөг.
  • Auto pager (https://addons.mozilla.org/en-US/firefox/downloads/latest/4925). Олон дараалсан хуудастай сайт үзэж байх үед "next" дараад дараагийн хуудасруу нь шилжээд байх нь төвөгтэй байдаг. Иймд энэ extension-ий тусламжтайгаар нэг хуудсыг үзэж байх хооронд нь дараагийн хуудсыг нь татаж аваад доор нь залгуулдаг болгож болдог. Тухайлбал google-ийн эхний 10 үр дүнг харж байх хооронд нь дараагийн 10 үр дүнг нь доор нь залгаад гараад ирнэ. Ингээд доошоо үзэх тусам дараагийн 10 хуудсуудыг доод талд нь залгуулаад байдаг. Ингэснээр өмнөх хуудасруугаа шилжэх шаардлага гарахгүй болдог. Учир нь бүх хуудас нь нэг цонхон дээр гараад байгаа юм чинь.
  • Speed dial (https://addons.mozilla.org/en-US/firefox/downloads/latest/4810). Шинээр нээсэн цонх хоосон байхын оронд байнга үздэг сайтууд эгнээд гарч ирдэг байвал амар байдаг. Мөн гар дээрээс байнга ордог сайтуудаа шууд ачаалдаг болгож болдог.
  • Fire ftp (https://addons.mozilla.org/en-US/firefox/downloads/latest/684). Байнга ftp серверлүү хандах шаардлага гардаг миний хувьд fire ftp шиг файлуудыг хавтсаар нь хуулах зэрэг өргөн боломжтой ftp клиентийн програм байх нь амар байдаг.
  • FoxyProxy (https://addons.mozilla.org/en-US/firefox/downloads/latest/2464/addon-2464-latest.xpi). Proxy сервертэй холбогдоход хэрэглэдэг. Янз бүрийн үнэгүй proxy серверүүдийг олоод заачих юм бол уг нь raphidshare зэрэг нэг бодит хаягаас зэрэг татуулдаггүй сайтуудаас proxy серверүүдээ ашиглаад зэрэг татаад байж болдог л юм. Мөн зарим албан байгуулга youtube мэтийн хамгийн үзэх дуртай сайтуудыг маань блоколсон байдаг. Тэгвэл мөн proxy-нуудаараа дамжуулаад ороод үзэж болдог.
  • Web developer (https://addons.mozilla.org/en-US/firefox/downloads/latest/60/addon-60-latest.xpi). Веб хөгжүүлэгчдэд зориулсан хэрэгсэл. Гэхдээ мэдээж бүтээгчдийн хэрэглэдэг юмийг сүйтгэхэд бас хэрэглэж болно. Тухайлбал ajaxmaa.blogspot.com дээр байснаар энэ хэрэгслийг ашиглаад cookie-ийгээ засварлах замаар duunet.com шиг алдаатай сайтуудын дурын хэрэглэгчийн эрхээр нь нэвтэрч болно. Мөн combo box бүхий санал өгөх сайт байлаа гэхэд combo box-ийг textbox болгоод хамаагүй их тоо бичээд будилаан үүсгэж болно. Гэхдээ ийм зүйлсийг хэрэглэхдээ ёс зүйтэй байж сүйтгэх бус бүтээх зүйлд хэрэглэх ёстой.
  • Video DownloadHelper (https://addons.mozilla.org/en-US/firefox/downloads/latest/3006/addon-3006-latest.xpi). Янз бүрийн видео татахад хэрэгтэй. Тухайлбал youtube мэтийн бичлэг online-аар үзүүлдэг сайтуудаас бичлэгийг нь татаж авах боломжтой болдог.
Нэг иймэрхүү л байна даа. Энд орхигдуулсан болон алдаатай зүйл байвал таныг залруулга хийхэд минь туслаарай гэж хүсэх байна. Мөн хүсвэл дээр оруулсан зураг бүрийг дээр нь дараад томруулж харах боломжтойгоор оруулсан байгаа шүү.

Мандах нарны гэрэлт цацрагийг мэлмийндээ мэдрэх хувьтай хүн юмдаа би

Компьютерийнхээ дэлгэцийг ширтсээр нүдээ цөөн хэд анивчуулах төдийхнөөр шөнийг барахад цонхоор гэрэл гийж шувууд жиргэх нь сонсдохыг үзвэл наран мандаж өглөө болж байгаа нь энэ бололтой. Цонхоор хараад зогсох энэхэн мөчид салхинд гарах хүслэн өөрийн эрхгүй төрж, энэ бодолдоо ч бүрэн автаж гадаа гарч наран ургах зүг өөд гүйлээ. Өглөөний цэвэр агаарыг уушгиндаа багтах хэмжээгээр нь оруулж гарган гүйх нь өөрийгөө эрүүл хэмээн мэдрэх юугаар ч солимгүй аз жаргалтай мөч юмдаа.
Би өглөө эрт гадаа гарч гүйдэг нь зөвхөн сэтгэл хөдлөлийн үр дүн биш юм. Шөнө удаан суухаар өвдөг, тохой гээд үе мөчүүдээр өвдөх нь элбэг байдаг. Өөрөөр хэлбэл өвчний үүр болох гээд байдаг. Иймд өглөөдөө гүйснээрээ эрүүл мэндээ хамгаалж байгаа томоохон ажил маань тэр.
Өглөөний агаар цэвэр байдаг болохоор жаахан ч гэсэн цэвэр агаараар амьсгалах боломж бүрдэнэ. Мөн заавал нар мандах үеэр гарч байгаа маань "D" витамин гэдэг юмыг нь олж авах гээд явж байгаа нь тэр.
Үүрээр хүн, машин цөөн явах учир янз бүрийн зүйлийн тухай бодоход тохиромжтой сайхан нөхцөл болж чаддаг.

Зураг 16.1

Өглөө гараад л "Зураг 16.1"-т үзүүлсний дагуу улаан шугамаар гүйнэ дээ. Энэ үед ядраагүй байх тул буцаж ухрах ямар ч бодол толгойд орж ирэхгүй. Харин ягаан шугамаар гүйгээд эхлэхээр жаахан ядарсан байх учир бас болж өгвөл бушуухан гэртээ харих юмсан гэсэн бодол орж эхлэнэ. Миний төлөвлөсөн ёсоор бол ягаан замаас гэртээ харихаар шийдсэн ч нэлээд хол замыг туулах хэрэгтэй болно. Тийм болохоор ягаан замыг гүйсээр байгаад л туулна. Харин цэнхэр замруу ороод ирэхээр нэлээд ядарсан байх боловч аргагүй эрхэнд гэртээ харихын тулд уг замыг туулах л болдог. Тэвчээр заан байж цэнхэр замаар гүйсээр ногоон замруу ороход гүйх тэнхэл байсан ч алхадаг. Учир нь удаан гүйсний дараа алхаж булчингаа суллах нь дээр байдаг. Ингээд гүйсээр 30-аад минут өнгөрнө дөө. Гэхдээ үр ашигтай байх ба дараа нь сэтгэл санаа ч сайхан болдог шүү.
Ер нь амьдралын сүүдэртэй талаас илүүтэйгээр гэгээлэг талыг нь мэдэрч амьдрах нь сайхан юмдаа.

Friday, May 29, 2009

Өөртөө туслах ухаан 1.1

http://www.dulmandakh.com/, http://bolorcms.com/badaa/ блогуудад бичсэн сонгуультай холбоотой бичлэгүүдийг уншиж байх үед "өөртөө туслан ухаан" номонд үүнтэй холбоотой сэдэв байсан нь санаанд орж билээ. Иймд 2004 онд Япон хэлнээс Очирхүүгийн Жаргалсайхан орчуулж, Монгол найруулгыг Бүдрагчаагийн Даш-Ёндон хянасан Самуэл Смайлсын "Өөртөө туслах ухаан" номын эхнийн бүлгээс зарим нэг сэдвийг оруулахаар шийдлээ. Энэ оруулж буй хэсэг нь хамгийн ихээр миний үзэл бодолтой нийцэж улам бүр тэтгэх учир ийм шийдвэр гаргалаа. Энэ сэдэв нь http://www.dulmandakh.com/2009/04/blog-post_26.html, http://otgonlkhagva.blogspot.com/2008/12/blog-post.html бичлэгүүдтэй ч бас холбоотой юмшүү.


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
"Өөртөө туслах ухаан"
Амьдрал гэдгийг чи өөрийн гараар л нээнэ.


1. Өсч хөгжихийн хүслэн, өөртөө туслах ухаан
"Бурхан гагцхүү өөрөө өөртөө тусладаг хүнд л тусладаг..." (Heaven helps those who help themselves) хэмээх энэхүү зүйр үг асар их зам туулж үе үеийг дамжиж өнөөд ирсэн билээ. Энэхүү богинохон хэллэг хүмүүсийн тоолж баршгүй туршлагаас улбаалагдан гарсан нэгэн үнэнийг илэрхийлж буй юм. Өөртөө туслах оюун ухаан бол хүмүүс өсөлт хөгжилтөө шулуутгахын тулгын чулуу мөн. Өөрөө өөртөө туслах ухаан олон хүний амьдралын хөрс суурь болж, тэгснээрээ амьдралын эрчим буцалсан хүчтэй төр улсыг байгуулахад цаад хөдөлгөх хүч нь болж өгдөг бизээ.
Гадаад талын тусламж хүнийг үлбэгэр сул болгодог. Өөрөө өөртөө тусалж, өөрийгөө аваръя хэмээх оюун санаа л хүмүүсийг хэзээд зоригжуулж өөдрөг болгож байдаг. Хүнд сайн тус хүргэе гээд гараа сунгаад байвал нөгөө тал өөрөө хөл дээрээ босох сэтгэлээ алдаж, өөртөө туслахын чухалыг мартдаг. Халамж бөөцийлөл хийгээд хатуурхаж барих аль аль нь хэрээсээ хэтрэхээр тус биш ус болж хүч чадалгүй хүмүүнийг бий болгодог нь үнэн юм.
Яаж ийгээд гайхалтай систем тохинууллаа ч түүгээр хүмүүсийг аврах учир үгүй. Хамгийн сайн нь юу ч хийлгүй зөнгөөр нь орхих явдал ч байж магадгүй. Тэгвэл хүн өөрийнхөө чадлаар өөрийгөө хөгжүүлж, өөртөө байгаа нөхцөл байдлыг засан сайжруулж явах бизээ.
Тэхдээ аль ч үед хүмүүс аз жаргал, мандал бадралд хүрэх нь өөрийн үйлдлээр бус системийн хүчээр болох зүйл хэмээн итгэсээр ирэв. Тиймээс ч "хууль цаазыг бий болговол хүмүүс дэвжиж хөгжинө" гэх мэт асар том дүгнэлт мэдээжийн зүйл шиг байх болов.
Мэдээж хэрэг, хууль цааз сайтар хэрэгжвэл хүн хувьдаа золиос бололгүй, өөр өөрсдийнхөө хөдөлмөрийн (оюун санаа болон биеийн хүчний хөдөлмөр) үр шимээ хүртэж чадах юм. Гэвч ямар ч хүчирхэг хууль тогтоолоо гэсэн залхуу этгээд ажилсаг болон хувирч, үрэлгэн хүн тооцоотой болж эхлэх, архичин архиа болихын учир үгүй билээ. Өөрийнхөө гэмийг ухаарч, хэмнэхийн утга учрыг мэдэж, архинд живсэн амьдралаа буруушааж эхлэсэн хүн л өөрчлөгддөг. Хүн бүр илүү шилмэл амьдралын үзэл санааг өөртөө шингээгээгүй цагт ямар ч зөв хууль тогтоолоо гэсэн хүн хувьсаж өөрчлөгдөж чадахгүй бус уу.
Гадна талаас нь биш дотор талаас нь эзэмд
Улс төр гэдэг нь ард түмний үзэл бодол хийгээд үйл хөдөлгөөний тусгалаас өөр юм биш. Ямар ч агуу үзэл санааг гаргаж тавьлаа ч ард түмэн түүнийг нь дагахгүй бол улс төр нь энгийн олон түмний төвшинд хүртэл доош ордог. Нөгөө талаас ард түмэн тэргүүний байвал ямар ч балмад мунхаг улс төрийг өөрийн хэмжээнд хүртэл дээш татаж нийцүүлдэг. Өөрөөр хэлбэл ард түмний бүхий л чанар тэр орны улс төрийн чанарыг тодорхойлдог юм. Энэ нь ус нам дор газар л урсдагтай адилхан мэдээжийн үнэн мөн.
Ард түмэн чадалтай байвал улс төр ч чадалтай болдог, ард түмэн үл мэдэх хийгээд ялзрал доройтлоос сугарч гарч чадахгүй бол авилгач улс төр хүрээгээ тэлдэг. Төр улсын үнэ цэнэ агаад хүчин чадал нь улс орны систем бус ард түмний чанараар хэмжигддэг ажгуу.
Хүн бүр хичээнгүйлэн хөдөлмөрлөж, амьдрах чадавхи, үнэнч шударга сэтгэлийг алдахгүй байхын хэрээр нийгэм урагш хөгжинө.
Харин залхуурах хийгээд амиа бодох муу муухай явдал ард түмний дунд газар авбал нийгэм хагдран унах болно. "Нийгмийн муу муухай явдал" хэмээн бидний нэрлээд байгаа тэр зүйлийн томоохон хувь нь угтаа бол бидний доошилж унасан амьдралаас үүсч бий болдог. Тиймээс хуулийн хүчинд дулдуйдаж энэхүү нийгмийн муу муухайг таслан зогсооё хэмээн хичнээн хүчин чармайлт гаргалаа ч уг муу муухай бас дахин зүсээ хувилгаж өөр хэлбэрээр үзэгдэж, газар аван дэлгэрэх нь дамжиггүй юм. Ард түмний, хүн бүрийн аж амьдралын байр байдал хийгээд чанар үндсээрээ өөрчлөгдөж эхэлвэл иймэрхүү нийгмийн муу муухай байдал арилах жамтай.
Нөгөө талаар хуулиа өөрчилж, системээ засан сайжруулснаар агуу их эх оронч сэтгэл, хүнч тусч үзэл санааг тэтгэчихнэ гэж байхгүй. Харин ард түмэн өөрийгөө өөд нь татаж явъя хэмээхийг дэмжиж туслан зоригжуулах нь хавьгүй илүү үр дүнтэй болох юм.
Энэ хүртэл хүн бүр өөрөө өөрийгөө яаж захирах тухайд хөндөж ярилаа. Үүнтэй харьцуулахад уг хүн гадаад талаас яаж эзэмдүүлэх вэ? гэдэг нь тийм их чухал асуудал бус Жишээлбэл дарангуйлагч этгээдэд захируулсан ард түмэн мэдээж хэрэг хувь тавилангүй. Гэвч өөрийгөө үл мэддэг бөгөөд аминч муухай суртахуунд идэгдсэн хүн л боолд ойрхон. Боолын сэтгэлгээтэй ард түмэн ганц төр улсын удирдагчийг юмуу системийг өөрчилсөн төдийд уг сэтгэлгээнээсээ ангижрахгүй. Улс төрийн хүч төдий зүйлээр ард түмнийг аварна гэдэг угтаа аюултай гэнэн сэтгэлгээ бөгөөд иймэрхүү үзэл аль ч үед газар авахдаа тун амархан байдаг. Асар их төлөөс төлж улс орноо өөрчилье гэж зүтгэвч ард түмний сэтгэл өөрчлөгдөж хувирахгүй л бол хувьсгал өөрчлөлт багатай бол үр дүнгээ өгөхгүй бизээ.
Бүдүүлэг харанхуй, аминч, болхи муу дадал ёсны хүлээснээс хүн тайлагдах эсэх нь гагцхүү уг хүний шинж төрхөөс хамаарна. Тиймээс ард түмний доторхи хүн бүрийн шинж төрхийн дэвшил л нийгмийн дархлал, улс орны хөгжлийн баталгаа болж байдаг.
Жон Стювард Милл энэ тухай чухалчлан дурьдсан нь бий. Тэрээр бичихдээ "Хүн дарангуйллын дор байлаа ч бодгаль шинжээ хадгалж чадаж байвал асар муу нөхцөл байдалд унахгүй. Харин бодгаль шинжийг нь алдуулах улс төр бол ямар ч нэрээр нэрлэлээ гэсэн угтаа дарангуйллаас өөр юу ч биш" гэжээ.

Wednesday, May 27, 2009

CCNA сертификат авахад хэр их мөнгө хэрэгтэй вэ?

Шинжлэх ухаан технологийн их сургуулийн cisco-ийн сертификатын шалгалтанд бэлдэх сургалтын төвийн 2009-өөс 2010 оны хичээлийн жилийн сургалт 9 сарын 1-нд эхлэх бөгөөд семестр бүрийн төлбөр нь 100$ гэнэ. Уг сургалт нь CCNA-ийн discovery-ийн 4 семестр, exploration-ий 4 семестр хичээл орно. Ингээд discovery-ийн болон exploration-ий сургалтаа дуусгасан бол CCNA сертификат авах шалгалт өгөхдөө 250$ төлж, бүртгүүлэхдээ 25$ төлөх юм байна. Энэ дарааллаар явбал CCNA сертификат авахад 8 * 100$ + 250$ + 25$ = 1075$ шаардлагатай болж байна. Иймд discovery-ийг хувиараа үзээд explroration-ийн сургалтанд нь шууд суувал 4 * 100$ + 250$ + 25$ = 675$ болж хямдарч байна. Гэхдээ хувиараа суралцах хичээл зүтгэл илүү их шаардлагатай болж байна. Үүнээс илүү хямд байлгахыг хүсвэл ямар ч сургалтанд суухгүйгээр шууд шалгалтаа дуртай цагтаа өгч болдог юм байна. Хэрэв тэгэх юм бол 275$ байхад л CCNA сертефикат авах боломжтой болно. Гэхдээ энэ нь тийм амар зүйл биш бололтой юм. Энэ тохиолдолд CCNA сертефикат авахад зарцуулах зардал мөнгөн дүнгээр бага болж байгаа боловч хөдлмөрөөр үнэлэгдэх зардал нь их болж байгаа. Өөрөөр хэлбэл маш их хичээл зүтгэл бие дааж суралцах чадвар гээд л олон зүйлс хэрэг болно.

Ахлах багш Жигжидсүрэнгийн Нанжиджамцын бичсэн захидалыг эхээр нь хүргье:

- IX/1-ээс эхэлнэ. Discovery and Exploration
- CCNA exploration per semester - 100$
- Discovery-d suulguigeer Explorationd suuh bolomjtoi
- CCNA certificate shalgaltiig hezee ch ogson bolno. Ooroo l ogch chadna gej baigaa bol
- Surgaltand suulguigeer certificate-n shalgaltand oroh bolomjtoi. Gehdee ih hetsuu
- CCNA certificate 250$ + 25$ registration fee

Wednesday, May 6, 2009

IT сертификатуудын зэрэглэлийг харах гэж оролдов.

http://www.activetechpros.com/-с Япон, Америк, Оросод ямар IT сертификат хамгийн зэрэглэл өндөр байна гэдгийг нь хартал нэг иймэрхүү байна (энэ мэдээж activetechpros-т бүртгүүлээд санлаа өгсөн хүмүүсийн л санлын үр дүн болохоор хэр бодитой байхыг нь сайн мэдэхгүй байна):

United States:
1. A+ Certification
2. Microsoft Certified Systems Engineer (MCSE)
3. Network +
4. Microsoft Certified Professional (MCP)
5. Cisco Certified Network Associate (CCNA)
6. Security+
7. Microsoft Certified System Administrator (MCSA)
8. Sun Solaris Certification
9. Cisco Certified Network Professional (CCNP)

Russia:
1. Microsoft Certified Professional (MCP)
2. Cisco Certified Network Associate (CCNA)
3. Microsoft Certified System Administrator (MCSA)
3. Microsoft Certified Systems Engineer (MCSE)
4. Cisco Certified Network Professional (CCNP)
5. Cisco Certified Internetwork Expert (CCIE)
5. Cisco Certified Design Associate (CCDA)
5. Sun Solaris Certification
5. Microsoft Certified Database Administration (MCDBA)

Japan:
1. Microsoft Certified Systems Engineer (MCSE)
2. Microsoft Certified Professional (MCP)
3. Cisco Certified Network Associate (CCNA)
4. Microsoft Certified System Administrator (MCSA)
4. Red Hat Certified Engineer (RHCE)
5. Symantec Certification
5. Utimaco - certified engineer
5. IBM certification
5. HP certification

Microsoft-ийн болон Cisco-ийн хэдэн сертификатуудыг авсан байхад хаана ч алзахгүй юм байна шүү. Юм бүхэн багаас эхлэдэг болохоор миний хувьд бол CCNA discovery-ийн хичээлийг үзэж байгаа. Тэгж байгаад блог дээрээ CCNA discovery1-ийн шалгалтын материалыг оруулнаа.

Sunday, April 26, 2009

Линуксийг дэмжихгүй утасгүй сүлжээний карт

Асуудал:
Сургуулийн лабораторт шинээр TP-Link TL-WN353GD (энэ картны тухай мэдээлэл авах холбоос: www.dipolnet.com) утасгүй сүлжээний картууд ирлээ. Би ч баяртай байна учир нь тухайн сүлжээний картыг суурьлуулсан компьютерүүдийг ашиглан infrastructure болон ad-hoc сүлжээ үүсгэх зэрэг туршилтийн ажил хийх боломжтой болж байна. Гэтэл нэг асуудал байнаа. Уг сүлжээний картыг үйлдвэрлэгчид нь линукс болон линуксын тархацуудад зориулан driver гаргадаггүй юм байна. Өөрөөр хэлбэл манай сургуулийн лабораторын компьютер болгон дээр суулгасан байгаа линуксийн тархац (fedora, centos)-уудийг дэмжихгүй гэнэ. Энэ нь зүгээр л линуксын тархацууд дээр ажиллахгүй гэсэн үг биш юм. Утасгүй сүлжээний картаа суурьлуулсан машин дээр windows-өөр нь орохоор нь зүгээр ажиллана. Харин линуксийн тархацуудаар орж болохгүй байна. Миний ойлгож байгаагаар линуксийн тархацуудаар асаах явцад үйлдлийн систем маань төхөөрөмжүүдээ таних процесс хийгдэж байх үед нь үл мэдэгдэх төхөөрөмж шалгагдаад тухайн үйл ажиллагааг цааш үргэжлэх боломжгүй болгоод байх шиг байна.
Шийдэл:
Судлаад үзвэл энэ асуудлыг kernel-д модуль нэмэх болон kernel-ээс модулийг нь салгахад хэрэглэгддэг modprobe (Энэ програмын талаар мэдээлэл авах холбоос: wikipedia.org) програмын тусламжтайгаар шийдвэрлэх боломжтой юм байна. Өөрөөр хэлбэл үйлдлийн системийг дэмжихгүй буюу үйлдлийн системийн асах процессийг тасалдуулж байгаа төхөөрөмжүүдийг modprobe-ийн blacklist файлд тодорхойлж өгөх замаар энэ асуудлыг шийдэж болдог юм байна. Доор үзүүлсэн байдлаар vi командаар blacklist файлд TP-Link TL-WN353GD утасгүй сүлжээний картын driver болох rtl8180-ийг нэмж болох юм.
# vi /etc/modprobe.d/blacklist
гэж ороод
blacklist rtl8180
Гэсэн бичлэг нэмээд vi файл засварлагчаа хадгалж гарна (esc+shift+: дараад wq гэж бичээд enter дарна)

Friday, April 24, 2009

Америк японд IT-ийн ажилчид хэр их цалин авдаг бол

Гадаадад ажилчид хэр цалин авдаг талаар сонирхоод activetechpros.com-д бүртгүүлж үзлээ. Тэндээс америк япон ажилчидын цалинг илүү сонирхоод доор хүснэгтэд оруулчихлаа. Тэгээд америк доллар япон еэн хоёр хэрхэн харьцдагийг барагцаалахгүй болохоор гүүгл ахаас асуутал "1 U.S. dollar = 97.0214417 Japanese yen" гэсэн үр дүн гарч байна лээ.


Америк/ЯпонМэдээлэл өгсөн хүний тооАжлийн нэрДунджаар жилд авдаг цалин
Америк56Database AdministratorUSD 76,848.18
Япон1Database AdministratorJPY 20,000,000.00
Америк306Developer: ApplicationsUSD 76,978.96
Япон21Developer: ApplicationsJPY 5,873,758.67
Америк306Developer: Client/ServerUSD 76,978.96
Япон21Developer: Client/ServerJPY 5,873,758.67
Америк306Developer: Database USD 76,978.96
Япон21Developer: DatabaseJPY 5,873,758.67
Америк306Developer: Systems USD 76,978.96
Япон21Developer: SystemsJPY 5,873,758.67
Америк22Graphic DesignerUSD 58,238.64
Япон3Graphic DesignerJPY 2,935,833.33
Америк16Hardware Design EngineerUSD 88,312.50
Япон3Hardware Design EngineerJPY 7,100,000.00
Америк150Help DeskUSD 44,876.72
Япон18Help DeskJPY 7,637,133.89
Америк119Network DesignUSD 63,019.58
Япон10Network DesignJPY 8,428,000.00
Америк119Network EngineerUSD 63,019.58
Япон10Network EngineerJPY 8,428,000.00
Америк119Network ManagerUSD 63,019.58
Япон10Network ManagerJPY 8,428,000.00
Америк78Security AnalystUSD 68,881.06
Япон5Security AnalystJPY 7,480,000.00
Америк122Systems AdministratorUSD 63,411.49
Япон11Systems AdministratorJPY 7,345,454.55
Америк31Systems AnalystUSD 76,712.90
Япон5Systems AnalystJPY 3,456,000.00
Америк31Systems ProgrammerUSD 76,712.90
Япон5Systems ProgrammerJPY 3,456,000.00
Америк150Technical SupportUSD 44,876.72
Япон18Technical SupportJPY 7,637,133.89
Америк78Technical TrainerUSD 68,881.06
Япон5Technical TrainerJPY 7,480,000.00
Америк78Technical WriterUSD 68,881.06
Япон5Technical WriterJPY 7,480,000.00
Америк122Telecommunications EngineerUSD 63,411.49
Япон11Telecommunications EngineerJPY 7,345,454.55
Америк119WAN SpecialistUSD 63,019.58
Япон10WAN SpecialistJPY 8,428,000.00
Америк2Web AdministratorUSD 51,000.00
Япон1Web AdministratorJPY 2,226,666.00
Америк59Web Designer USD 67,083.24
Япон3Web Designer JPY 4,096,666.67
Америк59Web Developer/ProgrammerUSD 67,083.24
Япон3Web Developer/ProgrammerJPY 4,096,666.67

Sunday, March 22, 2009

Fedora дээр ажилладаг хэдэн командууд.

Ихэнх командууд нь линуксын нийтлэг (зарим нь unix болон өөр бусад үйлдлийн систем дээр ч ажиллах) командууд учир линукс болон линуксын тархацууд дээр ажиллах байх. Гэхдээ би зөвхөн fedora дээр хэрэглэдэг болохоор бусад систем дээр ажиллана гэж амлахгүй.
Санамж: su -c 'команд' гэсэн бичлэг байвал уг команд нь privileged хэрэглэгчийн эрхээр л ажиллах команд гэсэн үг. Өөрөөр хэлбэл root хэрэглэгчийн эрхээр ажиллуулж байна. Энэ үед мэдээж root-ийн нууц үгийг асууна. Хэрэв та root хэрэглэгчийнхээ shell-ийг ашиглаж байгаа бол su -c '. . .' гэсэн хэсгийг нь хасаад зөвхөн командаа бичээд ашиглаж болно.

Терминал дээр "Оддын дайн"-ыг үзэх:

telnet towel.blinkenlights.nl
. . . enter дээр дарна

Өөр хэрэглэгчийн shell-ийг ачааллах:
su "хэрэглэгчийн нэр"
жишээ нь:
su OL
Хэрэв орчны хувьсагчийг нь цуг ачааллах бол:
su - OL
Root хэрэгчийн shell-ийг ачааллах бол нэрийг нь бичихгүй байж болно.

Командыг өөр хэрэглэгчийн эрхээр ажиллуулах:
Хэрэглэгчийн нэрийг бичэхгүй бол root эрхээр ажиллана.
su -c "команд"
жишээ нь:
su -c 'init 0'

Пакеж суулгах:
su -c 'yum install пакежийн нэр'
жишээ нь:
su -c 'yum install firefox'
Password: Root-ийн нууц үг.

Ажиллаж байгаа процессуудыг харах:
ps -A

Hard disk-ний зайг харах:
df

Memory хэрэглээг харах:
free

CPU-ний мэдээллийг харах:
cat /proc/cpuinfo

Сүлжээний картны мэдээллийг харах:
IP хаяг, subnetmask, mac хаяг гэх мэт мэдээлэл харагдана.
su -c 'ifconfig'
Password:

Процессыг ажиллахгүй болгох:
ps -9 "процессийн нэр"
эсвэл
ps -9 "процессийн ID"
Жишээ нь:
ps -9 firefox

Сүлжээний ачааллыг шалгах:
su -c 'tcpdump'
Хэрэв ssh-ийн traffic-ийг шалгах гүй бол:
su -c 'tcpdump not port 22'

Файлыг кодлох:
gpg -c "файлын нэр"
Enter passphrase:
Repeat passphrase:
Жишээ нь:
gpg -c 'testFile.txt'

Файлын кодыг нь тайлах:
gpg "кодлогдсон файлын нэр"
Жишээ нь:
gpg testFile.txt.gpg

Веб хуудсыг татаж авах:
wget "URL"
Жишээ нь:
wget http://otgonlkhagva.blogspot.com/

Сүлжээний картыг хаяглах:
ifconfig "картын нэр" "ip хаяг" netmask "маск"
Жишээ нь:
ifconfig eth0 10.200.97.188 netmask 255.255.255.0

Default gateway тохируулах:
route add default gw "ip хаяг" "сүлжээний карт"
Жишээ нь:
route add default gw 10.200.97.1 eth0

DNS-ийг зааж өгөх:
su -c 'echo "nameserver "ip хаяг"" > /etc/resolv.conf'
жишээ нь:
su -c 'echo "nameserver 203.34.37.3" > /etc/resolv.conf'
Password:

IP хаяг блоклох:
su -c 'iptables -I INPUT -s "ip хаяг" -j DROP'
Жишээ нь:
su -c 'iptables -I INPUT -s 66.102.7.191 -j DROP'

mac хаягаа өөрчлөх:
su -c 'ifconfig "сүлжээний карт" hw "Сүлжээнд ашигдах технологи(Ethernet,Token ring...)" "mac хаяг" down'
su -c 'ifup "сүлжээний карт"'
Жишээ нь:
su -c 'ifconfig eth0 hw ether 00:1C:23:91:7E:48 down'
su -c 'ifup eth0'
Буцааж засах:
su -c 'ifconfig "Сүлжээний карт" hw ether "Анхы mac хаяг" down'
su -c 'ifup "Сүлжээний карт"'

arp хүснэгтийг харах:
arp -a

arp хүснэгтэд бичлэг оруулах:
arp spoofing дайралт хийх үед arp хүснэгт өөрчлөгддөг учир. Зарим бичлэгийг нь өөрөө тохируулж болох юм.
su -c 'arp -s "ip хаяг" "mac хаяг"'
Жишээ нь:
su -c 'arp -s 10.200.97.1 00:30:4f:56:3a:5d'

selinux-ийг permissive горимд оруулах:
su -c 'echo 0 > /selinux/enforce'
Password:

selinux-ийг enforce горимд оруулах:
su -c 'echo 1 > /selinux/enforce'
Password:

Friday, March 20, 2009

Сайн хүн болох гэсэн чинь.

Сайн хүн болох гээд fedora 10-ийн i386 платформд зориулсан dvd iso файлыг www.mnfedora.org-ийн сервер дээр нь тавьсан чинь хүмүүс ч овоо татаад байх шиг байна. Тэгсэн чинь байрлаж байгаа сүлжээнийхээ гадагшаа гардаг 10Mbit зурвасын өргөнийг upload хийх замаар дүүргэлт үүсгээд байна гэсэн шалтгаанаар системийн админ нь серверийн маань сүлжээг салгасан байна. Би угаасаа ийм их хэмжээний зурвасын өргөн ашиглана гэсэн зөвшөөрөл аваагүй байсан болохоор системийн тогтвортой байдлыг хангах үүрэгтэй тэр хүний зөвөлдөө. Ингээд серверээ буцаагаад ажилд оруулахын тулд нөгөө iso файлаа татах боломжгүй болгочихлоо. Хэрэв уг файлыг татаж авч байгаад бүрэн татаж авч чадаагүй хүн байвал түмэнтээ хүлцэл өчье.

Sunday, March 15, 2009

file system-ийн read-only төлөв

Server дээрх fedora 9-ийг upgrade хийж fedora 10 болгосон чинь filesystem нь read-only төлөвт ороод root эрхээр орсон хэрнээ юу ч хийж болохгүй болчихдог байна шүү. Миний ойлгосноор upgrade хийх үед csci hard disc-нээс шалтгаалаад bug гарсан бололтой юм. Андын тусламжтайгаар энэ асуудлын учрыг нэг юм оллоо. Энэ асуудлыг шийдэхдээ:
  1. Rescue горимд орно.
  2. Volume group-үүдийг шалгана. "lvm vgscan" командыг ашиглан шалгаж болно.
  3. Volume group-үүдийг идэвхижүүлнэ. "lvm vgchange -ay" командыг ашиглан идэвхижүүлж болно.
  4. Файл системээ шалгана. "fsck -ay" командыг ашиглан шалгаж болно. Энэ команд нь файл системийн алдааг шалгаж засах боломжтой алдаагаа засварладаг. Гэхдээ энэ команд нь унтраагаад асаах үед автоматаар хийгдэж байсан учир volume group-үүдийг идэвхижүүлээд restart хийхэд уг команд ажиллана.
энд дараад дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.

Блог дээрээ хэдэн gadget нэмлээ.

Аль хэдийнээс нэг эвтэйхэн цаг олоод блог дээрээ тавина гэж бодож байсан юм тэгээд www.blogger.com-ийн gadget-үүдийг нэлээн ухаж байгаад nabby цаг л эвтэйхэн санагдаад блог дээрээ нэмчихлээ. Цаг хайх зуур хэдэн эвтэйхэн gadget-үүд байхаар нь бас сонирхоод нэмчихлээ. Тухайлбал:
  • NABBY SVG analog Clock. Хамгийн эвтэйхэн харагдсан цаг.
  • Blog List. Зочилдог блогийнхоо жагсаалтыг үүсгэхэд амар болгодог юм байна лээ.
  • Locate IP Address. Зочлогсдын байршлийг IP хаягаар нь тодорхойлдог юм билээ.
  • Vline - test szybkości łącza. Зочны upload болон download хийх хурдыг шалгадаг юм байна лээ (http://test.vline.pl/-ийн сервер-ийг ашиглан шалгадаг). Гэхдээ мэдээж олон дахин хэмжилт авах хэрэгтэй ба 217.76.112.124 хаяган дээр байгаа сервер лүү upload хийх болон download хийх хурдыг л шалгаж байгаа болохоор өөр сервертэй арай өөр хурдаар холбогдож болох талтай гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ хэмжилтийн үр дүн нь үнэн рүү нэлээд төхөж очих байхаа гэж бодож байна. Мөн бас энүүгээр хэмжилт аваад интернэтэд холбогдож байгаа технологиосоо хамаараад хурд хэрхэн өөрчлөгдөж байгааг үзвэл зүгээр юм шиг санагдсан. Тухайлбал ADSL ашиглан холбогдож байгаа бол download хийх хурд upload хийх хурдаас хэр их үлүү байна гэдгийг харж болох юм.
  • IPv4 Exhaustion Counter. 2008 оны 9-р сард Internet Assigned Numbers Authority(IANA) IPv4-ийн хаяг тараахыг хязгаарладаг босгоо сунгаж үлдсэн 5-н "/8" prefix -тэй блокуудыг тараахыг RIR(Regional Internet Registry)-үүдэд зөвшөөрсөн. Гэтэл тэдгээр нь тун удахгүй тараагдаж дуусах юм шиг байна. Гагц хүү энэ хурдаар хэзээ тараагдаж дуусахыг нь ойролцоогоор тооцоолж гаргадаг энэ srcipt-ийг Takashi Arano гэдэг хүн бичсэн юм байна лээ.
  • Pop. Counter - World. Дэлхийн хүн амын тоог үзүүлдэг gadget.
  • Google Calendar. Google-ийн хуанли эвтэйхэн харагдаад байгаан.
  • FEEDJIT. Миний блогоор зочлогсод хэзээ хаанаас холбогдсныг нь үзүүлдэг юм байна лээ. Мөн бас энэ gadget-ийг байрлуулсан блогуудаар зочлогсдыг нь тоолж хотдоо хамгийн уншигчидтай блогуудыг нь жагсааж харуулдаг юм билээ.